“ААВУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНУ-ын иргэн Сонора Дод охин анх “Аавуудын өдөр”-ийг санаачлан, өөрийн аав Вилиам Смартыг хүндэтгэсэн. Түүний эцэг иргэний дайны ахмад дайчин бөгөөд эхнэр нь нас барж, зургаан хүүхдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн эр юм. Охин аавынхаа төрсөн өдрийг /1910.06.19/ Вашингтон мужийн Споканед тэмдэглэснийг АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Коолиж дэмжин, 1924 оноос Үндэсний хэмжээний баяр болгохоор шийдвэрлэжээ. Харин Ерөнхийлөгч Линдон Жонсон 1966 оноос жил бүрийн 6-р сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг АНУ-ын “Аавуудын өдөр” болгон зарлаж, Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн 08 дугаар сарын 08-ны өдрийн “Аавуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран 18 дугаар хорооны иргэний танхимд “Аавуудын хөгжлийг дэмжье” арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа.
“Аавуудын хөгжлийг дэмжье” арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны нийт 19 аав хамрагдаж, Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Чинзориг эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал сэдвээр аавуудтай хэлэлцэж, санал бодлоо илэрхийллээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн гэрээт ажилтан хүний эрхийн хуульч, гэр бүл эвлэрүүлэн зуучлагч Н.Гандулам Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон гэр бүлийн харилцааны талаар ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс аавуудын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж, эхний 3 байрыг шалгаруулан, нийт оролцсон аавуудад гарын бэлэг, хуулийн ном өгч урамшууллаа.
Тус арга хэмжээнд оролцсон аавууд Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн талаар мөн гэр бүлийн эвлэрүүлэн зуучлагч Н.Гандулам мэргэжилтнээс гэр бүлийн харилцааны талаар ганцаарчилсан зөвлөгөө авч мэдлэг мэдээлэлтэй боллоо.